Original Article: Unread - How I Work : A.Tumen-Erdene
Манай өнөөдрийн зочин бол 49 жилийн түүхт “Industrial Light & Magic” студийн ахлах модель бүтээгчээр /senior modeller/ ажиллаж буй А.Түмэн-Эрдэнэ. 2014 онд анимэйшнийн дизайн чиглэлээр Австрали улсад суралцаж төгссөн түүний ажилласан уран бүтээлүүдээс дурдвал "Space Jam 2", "The Batman", "Mandalorian" (3-р улирал), "Dungeons and Dragons", "The Creator" зэргийг нэрлэж болох юм. Урт хугацааны дараа эх орондоо ирсэн түүнтэй уулзаж ярилцах боломж тохиосонд манай редакц туйлын баяртай байгаагаа энэ ташрамд дурдах нь зүйтэй болов уу. Ингээд бүтээлч салбарт арав гаруй жил ажиллаж буй түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Эрхэлдэг ажил: “Industrial Light & Magic” студийн ахлах модель бүтээгчХэрэглэдэг гар утас: iPhone 15 ProСошиал хуудас: LinkedIn, Website, Instagram
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би багаасаа л зураг зурах дуртай байсан. Сургуулиа төлөөлж шугам зургийн олимпиадад ордог, ангийнхаа хүүхдүүдийн бие даалтыг нь хийж өгдөг тийм хүүхэд байлаа. Ер нь зургаас бусад хичээлдээ төдийлөн анхаардаггүй байсан гэхэд хилсдэхгүй. Тийнхүү төгсөх жил хаяанд ирж, их сургуулийн босго давах болоход ШУТИС-ийн "Компьютерийн техник, менежментийн сургууль"-д программ хангамжийн чиглэлээр суралцах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд мэдээж зураг зурах хүсэл маань хэвээрээ байсан тул хичээлийнхээ хажуугаар график дизайныг бие даан сурч, улмаар хоёрдугаар дамжаанд байхдаа тухайн үеийн "Olloo" телевизид ажиллаж эхэлсэн юм. Ингээд хоёр жил ажилласны дараа 2012 онд "Star" телевизид 3D чиглэлээр 2014 он хүртэл ажиллаад Австрали улсыг зорьсон. Багадаа кино шимтэн үзэх дуртай байсныг ч хэлэх үү, тухайн үедээ кино найруулагчаар сурах зорилготой байсан ч эцэст нь туршлагадаа үндэслээд Сиднейн технологийн их сургуульд анимэйшнийн дизайн мэргэжлээр элссэн юм.
Их сургуулийн амьдрал тун сонирхолтой өнгөрсөн. Нэгдүгээр дамжаанд байхад дизайн сэтгэлгээг (Design thinking) хөгжүүлэх чиглэлээр байнга зурах дадлага хийдэг байв. Бичих дургүй хүнд тэр л хамгийн гоё байгаа юм чинь (инээв). Харин хоёрдугаар дамжаанаас 2D эсвэл 3D чиглэлээр суралцах уу гэдгээ шийдэж, 3D чиглэлийг нь сонгосон. Нэг талаараа хичээл дээр энэ программыг ингэж ашиглана гэж заахаас илүүтэй яаж дизайн талаас нь бодох, урлаг гэж юу болох, хэрхэн дизайны зохиомж гаргах зэрэг суурь мэдлэгийг багш нар маань сайн өгсөн юм шиг санагддаг. Нөгөөтээгүүр, оюутан байх хугацаандаа хичээлийн хажуугаар практик туршлага олж авах олон төсөл дээр өөрийгөө сорьж үзсэн минь чадвараа сайжруулах том боломж болсон гэж хардаг шүү. Ийнхүү ажлын гараагаа 2018 онд “Plastic Wax” студиэс эхэлж, "Callisto Protocol", "Mortal Combat 11", "Batman Gotham Nights", "Hitman 3" зэрэг тоглоомын зарлал трэйлер дээр ахлах дүр бүтээгчээр ажилласан.
Харин “Industrial Light & Magic” студид ажиллах болсон түүх нь тун азтай тохиол байв. Учир юу гэвэл 49 жилийн түүхт тус компанийн салбар студи 2019 онд Сиднейд байгуулагдаж, би ч ажилд орох хүсэлтээ илгээсэн юм. Багагүй хугацааны дараа холбогдож, 4-5 удаагийн ярилцлагад орсны эцэст 2021 онд модель бүтээгчээр (modeller) ажилд орж байлаа. Харин энэ оны нэгдүгээр сараас ахлах модель бүтээгчийн (senior modeller) албан тушаалд ажиллаж байна. Одоогоор "Space Jam 2", "The Batman", "Mandalorian" (3-р улирал), "Dungeons and Dragons", "The Creator" зэрэг бүтээлийн ард гарсан.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Цар тахлаас хойш бараг бүх л байгууллага гэрээс ажиллах хэв маягт шилжсэн болов уу. Манай студи гэхэд л долоо хоногт хоёр удаа оффисоос ажиллаад бусад үед нь зайнаас ажиллахыг зөвшөөрдөг.
Миний дундаж нэг ажлын өдөр кофе уунгаа ажлын хуваариудтайгаа танилцахаас эхэлдэг. Цаг тутам хийх даалгаврууд маань цаглаварт тодорхой гардаг учраас тун амар. Мөн товлосон уулзалт, хурлууддаа оролцоод явна. Ер нь аль болох ажлын цагтаа хийх зүйлсээ дуусгаад үлдсэн цагаа гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Бага насны хоёр хүүхэдтэй болохоор тэдэнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаанаас хороохыг хүсдэггүй.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Юун түрүүнд миний ажлын үйл явц хэрхэн өрнөдөг талаар тайлбарлаж өгсөн нь зүйтэй гэж бодож байна. Олон хүмүүс модель бүтээгч (modeller) яг юу хийдэг талаар төдийлөн мэдэхгүй байж магад.
Утсан хүүхэлдэйгээр жишээ авъя л даа. Юун түрүүнд тэрхүү утсан хүүхэлдэйн ерөнхий загварыг Concept artist гаргана. Тэр загварыг би буюу модель бүтээгч нар аваад модоор зорж, хүүхэлдэйн их биеийг нь хийдэг. Үүний дараа Texture artist-ууд будаад, утсыг нь залгах ажлыг Rigging artist-ууд гүйцэтгэнэ. Хэрэв хувцас шаардлагатай бол тусдаа уран бүтээлч ажилладаг. Ингээд бэлэн болсон хүүхэлдэйг хөдөлгөх ажлыг аниматорууд хийнэ. Гэх мэтчилэн дараа дараагийн олон шат дамжлагын үндсэнд утсан хүүхэлдэй бэлэн болно гэсэн үг.
Ажлын талбарт гараад арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэг зүйлийг сайтар ойлгосон байна. Оюутан байхад гэрлийн шоунд 3D дүрслэл хийдэг байлаа. Тэр үед заримдаа тодорхой чиглэлгүй, хүсэж буй зүйл нь бүдэг бадаг ажлууд орж ирдэг байсан. Гэтэл дизайн гэдэг шууд хийе гээд хийгддэг зүйл биш шүү дээ. Тиймээс ярвигтай ажил гарч ирсэн үед яаж хийх вэ гэж шаналж суухын оронд түр амсхийх хэрэгтэй юм билээ. Харин миний арга барил бол эхлээд үйл явцтай нь нягт танилцаад ерөнхий мэдээллээ ойлгочихдог. Дараа нь шууд шийдэх гэж оролдохын оронд бусад амархан ажлаа амжуулдаг юм. Ингэх зуур тархи маань өнөөх асуудлуудаа боловсруулсаар яг тулаад ирэхэд шийдлүүдээ олж чаддаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын орчинд Google Calendar, Gmail-ийг өргөн ашигладаг. Хувийнхаа цаглавартай холбочихдог болохоор их амар. Мөн уран бүтээлчдийн хувьд Facebook шиг платформ болох ArtStation-ийг ашигладаг юм байна. Зөвхөн тухайн коммюнитид байгаа хүмүүс Like дардаг болохоор нэг талаараа салбартаа үнэлэгдэж байгаагаа мэдэх боломжтой. Хувийн хэрэглээндээ сүүлийн үед испани хэл сурах зорилгоор Duolingo-г ашиглаж байгаа.
Удаан хугацаанд сууж ажилладаг тул ажлын ширээ, сандал нэн чухал. Миний хувьд босож, суухын аль алинд ашиглах боломжтой босоо ширээ болон судалгааны эрэл хайгуулын дүнд шалгарсан "Herman Miller"-ийн "Aeron" сандлыг хэрэглэдэг. Энэ сандалтай байхад тав тух мэдрэхээс илүү цэх суух шаардлагатай болдог юм.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сайн төлөвлөлт ба эрэмбэлэлт. Студийн зүгээс бүх ажлыг маань хангалттай сайн төлөвлөөд цагийн хуваарьт оруулчихдаг болохоор амар байдаг. Гэхдээ тэдгээр ажлыг ач холбогдлын дарааллаар эрэмбэлж чадахгүй бол бүгдийг нь гүйцэтгэнэ гэдэг боломжгүй. Тиймээс би хамгийн хэцүү ажлаас нь эхэлдэг. Мөн ажлуудаа эрэмбэлэхдээ өнөөдөр эсвэл долоо хоног, магадгүй сарын дараа хэрэгтэй юу гэдгийг бодолцох хэрэгтэй. “Industrial Light & Magic” (ILM) студид ажилд орохоос өмнө хийх гэж буй бүх ажлаа “Энэ зүйл миний ирээдүйн хамгийн том зорилгод хүрэхэд хэрэг болох уу?” гэж шүүдэг байсан. Жишээ нь, тоглоом тоглох гоё ч гэлээ өнөөдөр л надад сайхан мэдрэмж өгнө. Түүнээс биш ирээдүйд ILM-д ороход надад хэрэг болохгүй нь тодорхой.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Миний ажлын төлөвлөгөө тодорхой байдгийг та бүхэн хэдийн ойлгосон биз ээ. Гэхдээ ажлаас гадна хувийн амьдралаа төлөвлөх нь зайлшгүй хэрэг. Манай гэр бүлийн бодож олсон шийдэл нь цаглавраа дундаа хөтлөх. Хүүхдүүдийн хичээл, сургалттай холбоотой зүйлсээ мартахгүйн тулд эхнэр бид хоёр тус тусын цаглавраа холбосон. Их үр дүнтэй арга шүү.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Манай гэр цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байдаг болохоор өдөр бүр яаж ийж байгаад гүйхийг боддог. Чихэвчээр элдэв зүйл сонсож сатааралгүй орчны чимээнд гүйхээр толгой доторх бодол цэгцрээд их амар. Мөн кино үзэж, хөгжим сонсох дуртай.
Мэдээж гэр бүлтэйгээ өнгөрүүлж буй хором бүхэн үнэ цэнтэй. Ялангуяа хүүхдүүд маань цэцэрлэг, сургуулиасаа ирэх цагаар бөөн аз жаргал, эрч хүчээр цэнэглэгддэг дээ.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Цаг зав гарвал хувийн уран бүтээлүүд дээрээ ажилладаг. Ихэвчлэн монгол агуулгатай 3D зургууд зурдаг юм. Оргүй хоосноос ямарваа нэг зүйл бүтээж буй үйл явц нь өөрөө их таатай.
Энэ ташрамд, манай салбарыг сонирхож буй дүү нартаа хүний биеийн анатомийг сайн судлаарай гэж зөвлөмөөр байна. Хэдий чадварлаг зурдаг байлаа ч анотоми нь буруу бол сайн бүтээл болж чадахгүй. Бидний ашигладаг программууд байнгын хөгжиж, өөрчлөгддөг ч хүн болон амьтны анатоми өөрчлөгдөхгүй шүү дээ. Тиймээс сайн 3D модель бүтээгч болмоор байвал зөвхөн зурах чадвараас гадна энэ мэт бусад мэдлэгээ тэлж байх хэрэгтэй.
Түүний Instagram хуудсаар зочлох
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Шууд утгаараа аавынхаа нэрийг гаргадаг. Киноныхоо кредит хэсгээс овог нэрээ харах шиг сайхан мэдрэмж өөр хаана байх билээ. Тэр тусмаа дэлхий нийтэд үнэлэгдсэн томоохон уран бүтээлүүдэд гар бие оролцоно гэдэг үнэ цэнтэй мэдрэмж өгдөг. Загвар бүтээх ажил харьцангуй эхэнд хийгддэг болохоор цаашид яаж амилж, бэлэн болж байгааг харах туйлын сэтгэл хөдөлмөөр. Ер нь шат болгондоо хамгийн чадварлаг мэргэжилтнүүд ажилладаг болохоор заримдаа итгэмээргүй санагдах үе ч бий.
Үүний зэрэгцээ том компанийн нэг хэсэг болж ажиллахын давуу тал нь бүх зүйл эртнээс, маш нарийн төлөвлөгдсөн байдаг. Тодорхойгүй зүйл бараг л гарч ирдэггүй гэж хэлж болно. Жишээ нь миний хуваарь заримдаа сар сараараа гарчихсан байдаг юм. Олон том төсөл зэрэг явж байгаа учраас хаана, юуг, хэн хийх нь угаасаа тодорхой. Мөн ажилтан нэг бүрийн хөгжилд анхаардаг нь тун авууштай. Зөвхөн манай студийн ажилтнуудад зориулаад үе үеийн шилдэг уран бүтээлчид кинон дээрээ хэрхэн ажиллаж, ямар аргууд ашигласан талаараа хичээл ордог. Бүгд архив болон хадгалагддаг учраас хүссэн киноныхоо ард юу өрнөснийг мэдэхэд хэзээд нээлттэй.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл хиймэл оюун ухаан юм уу даа. Анх хиймэл оюун ухааны тухай яригдаж эхэхэд бүтээлч салбарын ажлыг яасан ч орлож чадахгүй гэгддэг байсан. Гэтэл одоо ганцхан товчлуур дараад л гайхалтай зүйлс бүтэж байна. Мэдээж давуу тал олонтой ч чамгүй хугацаа зарцуулж олж авсан чадварыг маань хиймэл оюун ухаан хэдхэн үйлдлээр хийж дөнгөнө гэхээр нэг талаараа шударга бус ч юм шиг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Ойрын үед хувийн уран бүтээлүүд дээрээ төвлөрч ажиллахыг хичээж байна. Дээрээс нь манай салбарыг сонирхдог хүүхдүүдэд зориулаад монгол хэл дээр хэрэгцээт контент бэлтгэн хүргэх төлөвлөгөөтэй байгаа.
Ташрамд сонирхуулахад, бидний ажилласан уран бүтээлийн трейлэр бичлэг хэдхэн цагийн өмнө цацагдаад байна. Манай багийн хувьд алдарт "Alien" киноны шинэ хувилбар болох "Alien: Romulus" дээр гарч буй сансрын хөлөг болон харийн амьтад дээр ажилласан.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Чөлөөт цагаараа аль болох хэрэгцээт подкастуудаа сонсож, бичлэг үздэг. Мөн хэрэглэдэг программуудынхаа цахим товхимолд бүртгүүлчхээр цаг алдалгүй нэмэлт шинэчлэлтүүдийг нь авах боломжтой. Өмнө нь хэлсэнчлэн компанийн зүгээс сургалт, хичээлүүдээр тогтмол хангадаг болохоор мэргэжлийнхээ тал дээр хөгжиж чаддаг шүү.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын тухайд Роберт Грийний “Mastery”, Малколм Гладвелийн “Outliers” бүтээлүүдийг санал болгоё. Аливаа чадварыг хэрхэн төгс эзэмшиж, яаж өөрийн болгох талаар өгүүлдэг номууд.
Дуу гэвэл Tiny Desk Concerts-ийн үзүүлбэрүүдийг сонсоод үзээрэй. Алдартай хөгжимчин, дуучид уран бүтээлээ бяцхан тайзан дээр толилуулдаг. Тун сонирхолтой.
Миний хувьд сайн муу гэлтгүй бүх л киног үзэхийг хичээдэг. Аль алинаас нь сурах зүйл ихтэй болохоор тэр. Санал болгох кино гэвэл Netflix-ийн “Leave the World Behind”. Сонирхолтой үйл явдалтай триллер, нууцлаг төрлийн уран бүтээл байгаа юм.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хичээлийн эхний өдөр багш маань “Хүн бүр гартаа 10 мянган муухай зурагтай төрдөг. Тэдгээрийг аль болох хурдан зурж дуусгавал 10,001 дэхээс нь арай дээр зураг гарч эхэлнэ.” хэмээн хэлж байсан юм. Цаад утгаараа сайтар давтаж байж сайжирна гэсэн санаа нь надад их сэдэл өгсөн.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Эхлээд юу хиймээр байгаагаа нарийн тодорхойлох хэрэгтэй. Кино сонирхдог байлаа гэж бодоход үүнтэй холбогдох 1000 ажлын байр бий шүү дээ. Гагцхүү тэр дундаас чи хийхийг хүсэж буйгаа, юунд илүү сайн байгаагаа анзаарч, ажиглах нь чухал. Эс бөгөөс хий хоосон том зорилго, мөрөөдөл урдаа тавьчхаад түүнтэйгээ зууралдаж, цаг хугацаагаа алдаж мэднэ.